Олон Улсын Олимпийн Хорооны 131 дүгээр чуулган Перугийн нийслэл Лимад хуралдаж, 2024 болон 2028 оны Зуны олимпийн наадмыг зохион явуулах хотыг тодрууллаа.
2024 оны Олимпийн наадмыг зохион явуулахаар эхэндээ таван хот нэрээ дэвшүүлсэн ч Хамбург, Будапешт, Ром хотуудад нэрээ татаж, улмаар Парис, Лос-Анжелес өрсөлдөхөөр үлдсэн юм. Энэ тохиолдолд ОУОХ-ны чуулганы гишүүд Парист 2024 оны олимпийн наадмын эрхийг өгч, Лос-Анжелест 2028 оны олимпийн наадмыг зохион явуулах эрхийг өгөхөөр шийдвэр гаргажээ.
"Энэ бол Парис болон Лос-Анжелесийн хувьд ч, мөн ОУОХ-ны хувьд ч ялагдагчгүй бүгд ялагчаар тодорсон агшин байлаа. Ойрын 11 жилийн хугацаанд олимпийн наадамд оролцогчид ямар ч аюул, эргэлзээгүйгээр тэмцээндээ бэлдэх оролцох сайхан боломж бүрдлээ. Олимпийн агуу түүхтэй хоёр агуу гүрний том хот олимпийг зохион явуулах болно" хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн байна.
Парист 1900, 1924 оны олимпийн наадам явагдсан бол Лос-Анжелест 1932, 1984 оны олимпийн наадам болсон билээ.
Өмнө нь нэг дор хоёр олимпийн наадмыг зохион явуулах эрхийг олгож байсан удаатай. 1970-аад оны сүүлчээр 1980 оны олимпийн наадмыг Москвад, 1984 оны олимпийн наадмыг Лос-Анжелест явуулахаар нэг дор шийдэж байсан юм.
2020 оны олимп Японы нийслэл Токиод болно.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна