ЭРЧҮҮДИЙН ЭЭДРЭЭ, ӨВӨРМӨЦ ЗАН ЧАНАРЫГ ТАЙЛАХУЙ



Эрчүүдийн тухай ээдрээтэй бодол тээж эргэлзэж явдаг хүмүүст тэдний зан чанарын загвар зургийг гаргаж өгөхийн тулд үүнийг тэрлэв. Хэдийгээр зарим хэсэг нь шоглосон гоочилсон гэмээр санагдаж магад ч гэсэн үнэн хэрэгтээ "хал сууж халуун чулуу долоосон" олон эмэгтэйн амьдрал дээр үндэслэн гаргасан эрчүүдийн энэ "ам зураг" нь бараг эрдэм шинжилгээний бүтээлтэй дүйцнэ. Тиймээс энэ материал дээрх инээд егөөдлийн цаанаас эрчүүдийн үнэнийг олж харахыг хүсч байна. Мөн заавал энэ аргачлалын дагуу та ажиллах ёсгүй гэдгээ анхаараарай. Учир нь энд бас алдаа байж болно шүү дээ.

Эрчүүдийн нийтлэг шинж чанар

- Утасны цаанаас гайхалтай сайхан хархүү шиг харилцаж чаддаг хэрнээ ачир дээрээ царай, нуруу тааруутай, цалин багатай ч нэгэн байх нь элбэг.

- Заримдаа үнэхээр агуу их ажил төрөл бүтээсэн хүн шиг сахлаа ч хусаагүй, ядрангуй үзэгдэх нь бий. Гэхдээ энэ нь ихэвчлэн найз нартайгаа урьд шөнө нь уулзаж наргисны ул мөр байх нь элбэг.

- Нэг л өмдтэйгээ бүтэн сарыг үдэхдээ сийхгүй. Зарим нь бүр хайртай цамцаа 25 жилийн турш өмсөж, сэмэрч урагдахад хайрлаж зогсох нь ч бий. Шинэ хувцсанд тун таагүй сэжигтэй хандагчид.

- "Хангалуун амьдралтай" гэсэн үгэнд тун жийрхүү хандана. Харин бие даасан эр хүн гэх юм уу дажгүй босгож буй амьдралтай гэж хэлэх дуртай.

- Шүүмжлэл тэдний чихэнд хэзээ ч таашаалтай сонсогддоггүй.

- Олон түмний өмнө янаг наалинхай байх тун дургүй. Хэрвээ та түүнийг гудамжинд өгзөг дээр нь зөөлхөн цохиод "Оцон" гэж өхөөрдөх юм бол гэнэтхэн уур нь дүрсхийх аюултай.

- Нэгэн зэрэг хоёрын зэрэг мэдээлэл хүлээн авах чадваргүйгээс гадна нэгэн зэрэг хоёр үйлдэл хийх боломжгүй.

- Хүнд асуудал, бэрхшээл гэж огт байдаггүй юм шиг царайлж, бүхнийг түргэн зуур шийдэх увидастай.

- Хөгшрөлтөөс үхтлээ айна. 45 хүртэлх насныхан нь 25 хүртэл насны бүсгүйчүүдийг шохоорхож, харин 62 хүртэл насныхан нь 18-23 насны охид бүсгүйчүүдэд "хайлна". Тэд халзан толгойноосоо болж бүсгүйчүүд намайг таалахгүй байна гэж эндүүрсэндээ үсээ ургуулах гэж элдвийн арга хэрэглэнэ. Үнэн чанартаа бүсгүйчүүд тэдний өнөөх чадварыг багцаалдаг болохоор л зайгаа барьдгийг мэддэггүй.

- Асуудлыг хурдхан эвийг нь олж шийдэхийн оронд түргэхэн зугтахыг илүүд үзнэ.

- Амьдралдаа тохиолдсон хоёр чухал эмэгтэйгээс /эх, эхнэр/ ихэвчлэн ижийгээ илүүд үздэг.

- Секс хүсэл мэдрэмжийнхээ хүчин дор бүсгүйтэй танилцахаа амьдралын гарцаагүй шалгуур сорилт гэж хандана.

- Гэнэтхэн хэдэн хоног, сараар ор сураггүй хэн нэгэнтэй алга болчихсонтойгоо адил гэнэт юу ч болоогүй юм шиг гараад ирнэ.

- Нэг удаа амжилтад хүрсэн арга барилаасаа жаахан ч гэсэн хазайх дургүй. Энэ нь сав суулга угаах эсвэл кино сонгох гээд бүр сексийн байрлал дээр хүртэл эгнэгт үйлчилнэ.

Эрчүүдийн өвөрмөц үйлдэл, төлөв байдал ба түүнд нь зөв зохистой хариулахуй

Одоо зөвхөн эрчүүдэд л байдаг өвөрмөц гэмээр хэрнээ энгийн үйлдэл, төлөв байдлыг дурьдаж энэ үед хэрхэн хариулах аргыг номлоё.

1. Хэрвээ тэр өнөөдөр их сайхан ааштай, анхааралтай, янаг байвал ямар нэгэн нүгэл юм уу буруу үйлдлээ нууж хаацайлах буюу эсвэл түүндээ дотроо гэмшиж буйн шинж. Та үнэн учрыг нь мэдэж байлаа ч гэсэн ойлгоогүй хүн шиг л байгаарай. Түүний халамжинд сэтгэлээсээ баярла. Түүнд эргэлзэлгүй итгэ. Магадгүй өнөөдөр тэр нээрээ л ямар ч гэм хийгээгүй хэрнээ сайхан ааштай, зүггүйтмээр санагдсан ч юм билүү. Тиймээс таныг гэсэн энэ сэтгэлд нь талархаж, сэтгэлээсээ баярла. Таны баярлаж буйг харсан болохоор дараа мөдхөн дахин тэгж баярлуулах гэж хүүхэд шиг гүйх вий.

2. Хадаас хадаж, хогоо гаргаж хаяад, гэрлийн шилээ эргэдэж хийсний дараа тэр агуу зүйл бүтээсэн лугаа магтаалын үг хүлээж байдаг. Хэрвээ магтаалын үг үгүй бол сэтгэлээр унаж, муухай ааш нь хөдөлнө. Түүний ажил хөдөлмөр хийж, бүтээж чадахад нь эргэлзэж буйгаа хэзээ ч бүү ил хэлж бай. Энэ маш эмзэг хэрнээ хүнд асуудал болон хувирна. Хэрвээ та тэдний сэтгэлзүйг их сайн мэддэг бол тэд бүгдээрээ өөрсдийгөө Коперник, Менделеев гэж боддогийг төвөггүй ойлгоно.

3. Тэр гэрт нь аж ахуйч, арчаатай эмэгтэй байгаа цагт өрөөсөн оймс, гутал, оо, сойз гээд өдөр бүр хэрэглэдэг юмаа хаана "зугаалж" явааг нь огт мэдэхээ больчихдог. Тэр өнөөдөр ямар хувцас өмсөж явахаа ч мэдэхээ больчихно. Учир нь тэднийгээ хаана тавьснаа ч санаддаггүй бөгөөд хамгийн гол нь санахаас залхуу нь хүрдэг аж. Үүнийгээ ийм жижиг зүйлд толгойгоо гашилгах дургүй гэж тайлбарлах агаад өөрсдөө үнэхээр тэгж бодно.

4. Эр хүн гэж угтаа таны хүүхэд. Эхлээд цорын ганц хүү чинь байна. Дараа хоёр дахь, гурав дахь хүү чинь болно. Гэхдээ хамгийн сүүлд хамгийн бага хүү тань болж үлдэх нь бий. Танаас хамгийн их анхаарал, халамж шаардаж ширтэж байдаг хүүхэд бол тэр. Хэрвээ түүнийг халамжилж, хайрлахгүй бол мөдхөн хувцсаа үүрээд өөр халамжтай "ээж" хайгаад явчихдаг гэмтэйг санаарай.

5. Хэрвээ та хоёр тусдаа амьдарч байгаа бол тэр байн байн залгаж, өөрөө таныг урихгүй хэрнээ гэртээ байгаа эсэхийг тань сэмхэн тандана. Түүний хувьд ажлаа тарсны дараа хотын захад байдаг тань руу ганц цаг ярилцахын тулд зүглэнэ гэдэг залхуу хүргэм явдал. Харин та хаа нэг залгахад нь гэртээ байхгүй гадуур явж, хааяа найз бүсгүйтэйгээ бүжгэнд орох гэж буйгаа дуулгавал залхуурлаа ор тас мартан далавчтай юм шиг тэр дороо нисээд ирнэ. Тэр таныг дандаа л алдчихвий гэж эмээж, аргадаж байхаас залхсандаа гэрлэх санал тавьж ч чадна. Учир нь одоо та дандаа түүний дэргэд байх юм чинь аюул ард хоцорлоо гэсэн үг. Гэсэн ч тэр мөдхөн урьдын гоонь амьдралынхаа эрх чөлөөг мөрөөдөж эхлэх нь бий.

6. Хэрвээ тэр бүтэн өдрийн турш буйдан дээрээ хэвтээд зурагт үзээд, шар айраг шимээд байвал ажил нь урагшгүй, бүтэл муутай байна гэсэн үг биш. Энэ бол зүгээр л түүний залхуу найз нь хүрээд ирсэн хэрэг. Заримдаа энэ "найз" нь ойр ойрхон ирнэ. Түүнийг энэ үед нь шүүмжлэх гэж айхавтар хичээгээд хэрэггүй. "Зүгээр"-ийг хийх боломж түүнд олго. Ажилгүй, залхуу түүнийг бүү адла, загна. Харин өөрөө ёстой нүдэн дээр нь хөдөлмөрлө. Таны их ажилтай байгааг хараад тэр гэнэт л огло харайн босно. Түүнд "буйдангийн хообий"-г нь л битгий олон сануулж дарамтлаарай. Гэтэл нөхөр чинь өдөржин шөнөжин гэр бүлийнхээ төлөө ажиллаад амралтын өдөртэйгээ золгосон бол хүүхдүүдээ аваад аав, ээж хамаатан садан руугаа яваад түүнийг ганцааранг нь орхи. Тэр ганцаараа тавтай унтаж амраг л дээ.

7. Тэр өөрийнхөө хийсэн нүгэл юм уу буруу үйлдлийг задалж ярихаас зугтахыг илүүд үзэх нь бий. Тиймээс гэнэт л "Би чамд хайргүй болчихож. Хоёулаа салья" гэж их шийвдэртэй нь аргагүй хэлнэ. Үүнээс хойш хэд хоногийн дараа тэр эргэж ирээд "Би сална гэж бодоогүй. Чамайг шалгасан юм" гэж сийхгүй хэлж чадна. Ийм тоглоом шоглоом танд таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ үнэндээ тэр салья гэж бодоогүй зүгээр л бодолдоо, нүгэлдээ л түүртэж түүнээсээ зугтаасан хэрэг. Иймэрхүү "шалгалт"-д нэгээс олон удаа тэнцэхгүй байхыг танд зөвлөе.

8. Хэрвээ тэр их ажилдаа дарагдаад театр руу хамт явах тухай амлалтаасаа буцвал та түүнийг бүү сануул. Эрчүүд шамдаж хийж буй зүйлд нь саад болвол шууд уурлаж бухимдахад бэлэн явдаг. Тэгэхээр түүний бүтээлд нь бүү саад бол. Тэр жорлонгийн суултуурын татуургыг янзалж байлаа ч гэсэн хажууд нь элдвийг бүү нурш. Учир нь тэр өөртөө бол яг л шинжлэх ухааны нээлт шиг хамгийн чухал ажил хийж байгаа. Ер нь эрчүүд өөрсдийгөө бүтээгч, нээгч гэж бодож чадахгүй бол эр хүн байж чадахаа больдог юм шүү. Тэгэхээр түүний чухал ажлыг үнэхээр ойлгож буй юм шиг дэмжихийг хичээгээрэй.

За, ингээд эрчүүд хэмээх обьектыг эргүүлж тойруулж судлаад гаргасан зарим нэгэн зөвлөгөөг хүргэлээ. Гэхдээ эр хүн бүр өөр. Тэдэнд олон янзын түлхүүр таарах нь тодорхой. Тэдний сул тал, давуу тал, үнэн чанарыг л хайрла. Хамгийн гол нь тэднийг ХАЙРЛА. Хайрласан цагт тэд таны төлөө ёстой уулыг өргөж, усыг эргүүлж ч чадна. Эсвэл тэд зүгээр л хайртай буйдангаасаа босоод аяга таваг угааж танд илүү хайртайгаа илэрхийлж ч чадах улс шүү.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 39 минутын өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 45 минутын өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 1 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 1 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 1 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 1 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 2 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 2 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 4 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 4 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 4 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 5 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 5 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 6 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 7 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 7 цагийн өмнө