Нобелийн Утга зохиолын энэ оны шагналыг япон гаралтай британи зохиолч Казуо Ишигүро хүртлээ. The Remains of the Day, Never Let Me Go, The Buried Giant зэрэг зохиолуудаараа олонд танигдсан 62 настай Казуо Ишигүрогийн талаар цухас хүүрнэе.
Тэрбээр 1954 оны арваннэгдүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотноо мэндэлсэн. 1960 онд түүнийг зургаан настай байхад гэр бүлийнхэн нь Их Британд цагаачлан гарчээ. Ишигүро өөрийгөө япон биш британи хүн гэж хэлэх дуртай.
1982 онд A Pale View of Hills романаа гаргасан нь төрөлх хот Нагасакидаа зориулсан байлаа. Романд охин нь амиа хорлосны дараагаар япон эмэгтэй Англид ирсэн ч гэсэн Нагасаки хотын аймшигт сүйрлийн талаар мартаж чадахгүй зовниж шаналж буй тухай өгүүлдэг.
1989 онд гарсан The Remains of the Day роман ихээхэн амжилт олж, алдар нэр авчирчээ. Бүхий л амьдралынхаа туршид нэгэн сурвалжит гэр бүлийн ажилчин байсан нэгний талаар энэ романд өгүүлдэг. Хожим энэ зохиолоор кино бүтээхэд Энтони Хопкинс, Эмма Томпсон нар гол дүрийг нь бүтээжээ. Тус романд Букеровын шагналыг олгохдоо шүүгчид зохиолыг нь бүгд санал нэгтэй дэмжиж, "Хөдөлбөргүй шилдэг" гэж тодорхойлсон байдаг.
Үүний дараагаар 2005 онд Never Let Me Go романаа гаргасан юм. ХХ зууны сүүлчээр Их Британд ирээдүйд эрхтний донор л болох үйлтэй хүүхдүүдийг нэгэн байшинд тусгайлан өсгөж, сургаж буй болон тэдний амьдралын талаар тус романд өгүүлдэг. Энэ зохиолоос сэдэвлэн кино бүтээж, гол дүрд нь Их Британийн нэрт жүжигчин Кира Найтли тоглосон удаатай.
Казуо Ишигүрогийн өөр нэгэн шуугиан тарьсан зохиол нь хоёр жилийн өмнө хэвлэгдсэн The Buried Giant юм. Дундад зууны үеийг өгүүлсэн уран зөгнөлт жанрын энэхүү романыг хамгийн хачин бас зоригтой шийдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэдэг аж.
Казуо Ишигүрогийн романууд дэлхийн 40 хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна