Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул уурхайд жишиг тогтооно


Нар наашилсан хаврын сайхан өдөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, "онгон дагшин" мэт ялгарч харагдах нь гайхам сайхан. Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах явцад байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нөхөн сэргээлтийн ажлыг зэрэгцүүлэн явуулах бодлого "Эрдэнэт үйлдвэр" баримталсаар ирсэн. Үүний нэгэн бодит жишээ нь энэ овоолго. 2007 оноос хойш жил бүр энд 50 сая төгрөг төсөвлөн, хоёроос дөрвөн га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр өнгөрсөн хугацаанд таван хэсэг газарт нийт 36,2 га талбайд 3300 шинэс, 4420 улиас, 4350 хайлаас, 2200 чацарганын мод тарьж ургуулан олон настын үрээр ургамалжуулсан байна. Газрын гадаргаас 100 гаруй метр өргөгдсөн, байнгын салхитай бөгөөд нартай өдөр хөрсний халалт ихэсч, хуурайшдаг онцлогтой энэ овоолгод нөхөн сэргээлт хийх амар ажил байгаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн чадсаныг бэлхнээ харж болно. Уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн энэ газрын онцлогт тохируулан биологийн нөхөн сэргээлт хийснээр унаган төрхийг нь бүрэн сэргээжээ. Зуны цагт энд цомцогт баавар, зоосон, алаг башир зэрэг цэцэгс алаглан, яргуй, сөд, таван салаа, чацаргана, үхрийн нүд гэх мэт эмийн ургамал, жимс ургаж, чийгийн улаан хорхой, царцаа, эрвээхий элбэгших төдийгүй оготно, зурам, үнэг туулай хүртэл гүйлдэнэ. Эрдэнэсийг нь "шүүсэн" хоосон чулуулгийн овоолго дээр мод сөөгөөр биологийн нөхөн сэргээлт амжилттай хийсэн Монголын уул уурхайн анхны газар бол "Эрдэнэт үйлдвэр" юм. Үүгээрээ ижил төстэй бусад үйлдвэрүүдэд үлгэр жишээ үзүүлнэ гэж байгаль орчны мэргэжилтнүүд үздэг. Нөхөн сэргээлт одоо ч үргэлжилсээр...

Талбайн усалгааг 40 тоннын багтаамжтай усжуулалтын белазын тусламжтайгаар дөрөвдүгээр сараас эхлэн 10-р сарын сүүлч хүртэл цаг агаарын байдлаас хамааран тогтмол хийнэ. Моддын арчилгаа, нөхөн тарилтыг цаг тухайд нь явуулахаас эхлээд экологийн мэргэжилтнүүдийн ажил мундахгүй их. Мөн биологийн нөхөн сэргээлтийн үр дүнд овоолгын хүрээлэн буй орчинд бий болсон экосистем, амьтан, ургамлын бүлгэм хэрхэн өөрчлөгдөх явцыг урт хугацааны туршид ажиглаж, үнэлэлт хийдэг. Одоогоор энд дөрвөн зүйлийн 39000 мод, байгалийн 72 зүйлийн ургамал ургаж байна. Мөн 36 зүйл шавьж, 19 зүйл шувуу, гурван төрлийн хөхтөн амьтан бүртгэгджээ. Эндээс уул уурхайн ашиглалтын дараа байгалийн унаган төрх бүрэн сэргэж буй сайхан дүр зургийг харж сэтгэлээ амрааж болно.

"Эрдэнэт үйлдвэр" сонгосон газраа тэгшлэх, үржил шимтэй хөрсөөр хучих зэргээр техникийн нөхөн сэргээлтийг өөрсдийн машин техник, хүн хүчээр хийдэг. Түүнээс гадна биологийн нөхөн сэргээлтийн талаар цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хөрс, ургамал, амьтны мониторингийн судалгааг Технологийн сургууль болон Природа ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх багтай хамтран гүйцэтгэсэн юм.

Ил уурхайн хоосон чулуулгийн зөвхөн 3-р овоолго дээр хийсэн нөхөн сэргээлтийн мэдээлэл ийм байна.
Үүний зэрэгцээ уурхайчид "Ногоон-төгөл"-д 25 төрлийн 12000 мод, үйлдвэрийн бүсэд нийт 127 мянган мод тарьж ургуулсан. Түүнээс гадна "Сэлэнгэ" амралтын баазынхан байгалийн унаган төрхийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах тал дээр тун санаачилгатай ажилладаг. Найман жилийн өмнө "Хустайн нуруу"-наас бугын 10 или анх авчирч нутагшуулсан нь одоо хэдэн арваар тоологдохоор өсч үржсээр байна. Мөн тарвага, гөрөөс нутагшуулан, галуу, цацагт хяруул зэрэг шувуу тэжээн өсгөж байгаа нь амрагчдын нүдийг хужирладаг. Цаашид зэрлэг гахай, бор гөрөөс, аргаль, янгир, баданга хүдэр сэргээн нутагшуулах бэлтгэл хангаж буй талаар Сэлэнгэ амралтын баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны инженер Г.Бас-Эрдэнэ ярьсан юм.
"Эрдэнэт үйлдвэр" уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах, тэтгэн сайжруулах зорилго хөтөлбөрөө ийнхүү "онц" хэрэгжүүлж, Монголын уул уурхайд жишиг тогтоож байна.

М.ОДГЭРЭЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 12 минутын өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 1 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 2 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 3 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 3 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 4 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 4 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 5 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 19 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 20 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 20 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 21 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 21 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 22 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 23 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 23 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 23 цагийн өмнө