Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болоод хоёр жил болж байна. Охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй. Иймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Мөн охиныг эрэн хайх эрлийн багийнхан татан буугдаагүй бөгөөд энэ хугацаанд дээрх хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч ямар нэг сэжүүр олоогүй юм. Охин айлын бага хүүхэд бөгөөд алга болсон тухайн өдөр ээж рүү гээ дөрвөн удаа залгаад утас нь холбогдохоо больсон гэдэг. Өнгөрсөн хугацаанд тус суманд эрлийн өргөн хүрээтэйгээр нэгжлэг хийсэн ч охины талаар сураг гараагүй байгаа юм. Эрлийн ажиллагаа зогсоогүй үргэлжилж байгаа ажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна