Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаад жирэмсэн болсон учир ажлаасаа халагдсан гэх Б.Болдмаа манай редакцид хандан, баримт мэдээллүүдийг ил болгосон. Тэрбээр үндэслэлгүйгээр ажлаас халагдахын зэрэгцээ тус байгууллага нь 80 сул орон тоонд төсвөөс цалин авдаг, 15 орчим тамирчинд цалин олгодгийн дотор ОБЕГ-ын дарга нарын хамаатан, дүү нар байдаг гэх мэдээллийг ил болгосон юм. Бид энэ талаар Өмнөговь аймаг дахь ОБГ-ын дарга, Хурандаа Л.Баярсайханаас тодрууллаа.
Танай байгууллагад Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Болдмааг ажлаас халсан үндэслэл нь юу вэ?
Б.Болдмаа нь ОБЕГ-ын 2018.08.03-ны өдрийн тушаалаар манай байгууллагд ажилд орсон. Анхнаасаа хүнээ сайн судалж ажилд аваагүйгээс өнөөдрийн ташаа мэдээлэл гарах шалтгаан боллоо. Үнэндээ улстөрийн шахалтаар ажилд орсон хүн.
Б.Болдмаа нь 2018.12.24-өөс хойш хоёр сарын хугацаанд ажил тасалсан. Энэ үйлдэлтэй нь холбогдуулан ОБЕГ луу холбогдох мэдээллийг нь явуулсан учир ажлаас чөлөөлөх тушаал гарсан.
Б.Болдмаа нь хоёр сартай жирэмсэн байхдаа ажлаасаа халагдсан байдаг. Тухайн үед хатгалгаагаар өвдөж, аймгийн эмнэлэгт хэвтсэн. Үргэлжлүүлэн ЭХЭМҮТ-д эмчлүүлэх шаардлагатай болсон, гэтэл танай байгууллага өвчнийг харгалзан үзээгүйгээр барахгүй "ажлаас гар" хэмээн дарамталсан талаар бичлэг үзүүлсэн.
Ажил таслаад алга болсон тул уурлаж загнасан маань үнэн. Хэн ч гэсэн төрийн ажлыг тасралтгүй явуулахыг бодно. Жилийн сүүл болж байсан тул тайлан тооцоо нэгтгэх шаардлага байсан. Ийм үед ажил таслаад алга болсон. Энэ нь ажлаас халагдах шалтгаан болсон.
Мөн энэ хүн Тагнуулын ерөнхий газраас ирсэн албан бичгийг нуун дарагдуулсан. "Б.Болдмааг улсын нууцтай холбоотой ажилд томилж болохгүй" гэсэн бичгийг өөр дээрээ авчихаад бидэнд өгөөгүй, нуусан байна. Тагнуулын байгууллагаас татгалзсан шалтгаан нь Б.Болдмаа гэгч урд нь цагдаагийн байгууллагаар хоёр удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээд. Эхний удаад нь залилангийн хэргээр, дараагийн удаа нь цахим орчноор дамжуулан бусдыг доромжилсон хэргээр.
Б.Болдмаа манай байгууллагад маш муу ажилласан. Түүгээр барахгүй ажилтнуудаас мөнгө хурааж аваад, хувьдаа завшсан зэрэг асуудлууд нь ажлаасаа халагдсаны дараа л ил болж байна.
Б.Болдмаагийн дэлгэсэн баримтад төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан баримт байдаг. Тодруулбал, танай байгууллага 80 гаруй хүний сул орон тоотой. Түүний цалинг удирдах албан тушаалтнууд хувьдаа завшдэг гэх асуудал бий.
Манай байгууллагад 80 биш 30 гаруй хүний сул орон тоо бий. Хүний нөөцийн хангалт 79.2 хувь. Сул орон тооны цалинг ямар ч тохиолдод хувийн дансаараа ашиглах боломжгүй. Цалингийн сан гээд ороод ирдэг, үлдсэн цалинг буцаагаад Сангийн яам руу татуулдаг. 2018 онд л гэхэд тэрбум гаруй төгрөг татуулсан.
Сул орон тооноос гадна "тамирчид" гэх ангиллаар цалин авдаг "ажилладаггүй" 15 хүн байгааг овог, нэрээр нь ил болгосон. Та үүн дээр ямар тайлбар хэлэх вэ? Эдгээр хүмүүсийн дунд ОБЕГ-т удирдах алба хашдаг дарга нарын хамаатан, дүү нар байдаг юм байна? Энэ ямар учиртай вэ?
Манайхаас хоёр хүн ОХУ-д суралцаж байгаа. Тэд мэргэжил эзэмшиж ирээд, манай байгууллагад ажиллана. Дөрвөн тамирчин цалинждаг. Бэлтгэл сургуулилтын үеэр цалинтай чөлөө өгөөд, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэдэг. Энэ бүхний тушаал шийдвэрийг би гаргадаггүй, ОБЕГ-аас гаргадаг юм.
Танайхаас цалинжиж суралцдаг хүмүүс яагаад заавал дарга нарын дүү нар байдаг юм бэ?
Дарга нарын дүү нар гэж хэлэх боломжгүй, тэрийг би мэдэхгүй. Б.Болдмаа нь байгууллагын болоод орон нутгийн нэр хүндэд халдсан асуудлаар бид өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна